Монгол улсын гавъяат жүжигчин Чинбатын Бат-Эрдэнэ 2011 оны 3 сарын 12-ны Бямба гарагт Лондон хотноо, 3 сарын 14-д Манчестэр хотноо ОРЧЛОНГИЙН САЙХАН ХҮҮХНҮҮДИЙГ ХАЙРЫН ГЭГЭЭ ИВЭЭГ тоглолтоо хийх гэж байна. Тэрээр 2000 онд “Хонхны нулимс” дуугаараа олны танил болж түүнээс хойш түмний сэтгэлд хүрсэн олон сайхан дууг амьдруулж бие даасан долоон тоглолт хийж, найман цомог гаргасан, авяъаслаг уран бүтээлч билээ. Түүний уран бүтээлийг ард түмэн нь алга ташилтаараа мялааж, төр засаг  Монгол Улсын  “Гавьяат жүжигчин” цолоо 2009 онд олгож үнэлсэн.   Тэрээр өдгөө Ирланд улсын нийслэл Дублин хотноо урлагийн удирдахуйн ухаанаар суралцаж буй.  Ингээд түүнтэй Лондон, Манчестер хотуудад хийх тоглолтыг нь тохиолдуулж цөөн хором цахим хөөрлөө.


When:
03/12/2011
03/13/2011
7pm

Where:
51 Philbeach gardens, Earls Court
SW5 9EB


When:
03/14/2011
03/15/2011
8pm

Where:
K2 Night Club, Manchester
M1 4HF

Таны олон улсын эмэгтэйчүүдийн баяр болон цэргийн баярыг тохиолдуулж Лондон,  Манчестер хотод хийх тоглолтоос тань ярилцлагаа эхэлье?

Юуны өмнө Та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна. Би орчлонгийн хос багана болсон эмэгтэйчүүд, эрчүүдийн баярыг тохиолдуулан Британийн нийслэл Лондон, Манчестер хотод ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ толилуулах завшаан тохиолдож байгаад их баяртай байгаа. Таны дээр хэлсэнчлэн би 2003 онд анхны “Хонхны нулимс” бие даасан тоглолтоо хийснээс хойш долоон тоглолт зохион байгуулж, найман цомог гаргасны зэрэгцээ мөн гадаадын улс орнуудад суугаа Монгол ахан дүүсдээ уран бүтээлээ толилуулж ирлээ. Гэхдээ энэ удаагийн тоглолтын хувьд би өөрөө гадаадад ажиллаж, амьдарч, нутаг ус, ахан дүүс, анд нөхдөө санагалзан суудаг монголчуудынхаа нэгний хувиар үзэгчидтэйгээ сэтгэл зүрх нэгэн зүгт хөглөгдсөн байгаагаараа нилээд онцлог болох нь мэдрэгдээд байгаа.  Бас тоглолтыг маань гардан зохион байгуулж буй ангийн анд Зоригоо маань ч үзэгчдийн сонирхлыг татахуйц зарим сонин өвөрмөц сэдлүүд хөтөлбөртөө оруулж буй.

Та олон сайхан  дууг амилуулсан сайн дуучинаас гадна цөөнгүй дууны ая зохиогч.

Дууны ая зохиох нь миний хобби юм аа. Нийтдээ хориод дууны ая зохиосон. Олонд танил болж хүрч буй дуунууд гэвэл МУГЖ С.Жавхлангийн дуулсан “Зүүдэнд ирдэг Урангоо”,  дуучин Намсрайноровын дуулсан “Алсаас чамдаа”, МУГЖ Батсүхийн дуулсан “Залуу нас”, дуучин Б.Энхмэндийн дуулсан “Эргэн төрмөөр нутаг”, Б:Буянжаргалын дуулсан “Хоёулаа жаргалтай”, Г.Ариунбаатарын дуулсан “Тамирын голын бүсгүй” гэх мэт дуунууд байна даа Энд ирснээсээ хойш  ээжийн тухай нэг дуу хийлээ. Дуучинаа сонгоод олонд хүргэх бодолтой байна. Мөн ганц нэг дууны захилга ч авсан байгаа.

Та Ирландад ямар чиглэлээр суралцаж байна вэ? Энэ хугацаандаа мэдээж олон зүйлийг хийхээр төлөвлөж байгаа байх

Урлагийн удирдахуйн чиглэлээр хоёр жил суралцах юм.  Гадаадад  суралцаж байхдаа олон зүйлийг олж харж, мэдэрч хийж бүтээхийн хүсэл л их оргилж байна. Би сурах тал дээр өөрийгөө шахаж дайчилдаг. 2000 онд СУИС, 2006 онд СУИС-д мастер, 2010 онд Удирдлагын академид мөн мастерийн зэрэг хамгаалсан. Одоо Ирландийн нийслэл Дублин хотноо байрладаг Маркетинг Менежментийн The Carlyle Institute-д манлайллын чиглэлээр суралцаж байна. Энд би өөрийнхөө мэдлэг оюунаа аривжуулахын хамт дэлхийн улс орнуудын ёс заншил, урлаг соёлын үүх түүхтэй танилцах, түүнээс суралцах зорилго бас байна. Цаашид Монголынхоо урлагийг дэлхийн хэмжээнд таниулан гаргах боломжийн  талаар судлах бөгөөд  энэ талаар хийх зүйлс ч их харагдаж байгаа. Түүний төлөө л явж байна даа. Ер нь Монголын урлаг өнөөгийн дэлхий ертөнцийн урлаг соёлын хаана нь өөрийн гэсэн  байр сууриа эзэлж, өнгө төрхөө оруулж буй талаар тодорхой хэлэх юм бага юм байна даа гэж боддог. Үүнийг л харж, хийж бүтээхсэн, Монголоо, урлаг соёлоо зөв зүйтэйгээр таниулахсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй байна. Миний санаатай санал нийлэх олон хүмүүс үүний төлөө бас санаа зовж яваа байх. Хамтдаа хийж бүтээцгээе. Та бүхэн маань миний уран бүтээлээс сэтгэлийн таашаал авч, сайхан баярлах болно гэдгийг мөн амлая. Ер нь аливаа уран бүтээлч хүний хувьд тоглолт бүхэн өөрийн авъяас чадвараа шавхан гаргаж үзэгч олондоо толилуулдаг ил тод шалгуур байдаг шүү дээ. Та бүхнийгээ миний тоглолтыг үзээд амандаа дуу аялан сэтгэл санаа өөдрөг үлдээсэй гэж хүсэж,  бэлтгэлээ базааж байна даа.

Bat-Erdene

Сэтгэгдэл

сэтгэгдэл

Powered by Facebook Comments

 

Tags: , ,